Цагаан идээнд дотор цайна

3 мин унших · May 27, 2022

Food
Цагаан идээнд дотор цайна

Нүүдэлчин ахуй гэхээр монголчуудын үндсэн хоол хүнсийг мах гэж ойлгодог байх. Мал маллаж, мах иддэг нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ нүүдэлчдийн өдөр тутмын хэрэглээний хоол хүнс нь цагаан идээ. Малаас гарах ашиг шимийн зөвхөн нэг салбар нь сүү, сүүн бүтээгдэхүүн.

Монголчууд малын сүүнээс ааруул, ээзгий, айраг, тараг, бяслаг, хоормог, өрөм, зөөхий, шар тос, ээдэм, аарц, шар сүү, уураг, хайлмаг мөн архи хүртэл гарган авдаг. Энэ бүгдийг монголчууд «цагаан идээ» гэдэг.

«Цагаан идээ идвэл дотор (гэдэс) цайна» гэдэг үг ч байдаг. Энэ үг нь «дандаа мах болон органик бус хоол идсэн ходоодоо амраах» гэсэн утга агуулдаг. Зуны улирал Улаанбаатарчуудын хувьд цагаан идээг өргөнөөр хэрэглэх таатай улирал. Хэрвээ та зун цагт монголд ирвэл хөдөө орон нутгийн захын айлаар зочлоход таныг цагаан идээгээрээ дайлах болно. Таныг танихгүй байсан ч хамаагүй. Тийм учраас монголчуудыг зочломтгой, халуун дулаан сэтгэлтэй гэдэг юм. Та өөрөө цагаан идээ хийхэд гар бие оролцож болно.

Хэрвээ өвлийн хүйтэнд халуун аарц, зуны халуунд хүйтэн айраг уувал монгол нутаг таны санаанаас хэзээ ч гарахааргүй сэтгэгдэл төрүүлнэ. Малчин айлд зочлоод гэрийн эзэгтэй цагаан идээний дээж, сүүн цацал өргөж байвал битгий гайхаарай. Таныг аян зам, алс ирээдүйд сайн сайхныг хүсэж буй гүн хүндэтгэлийн хэлбэр юм.

Сүү өөрөө шууд хэрэглэж болох бүтээгдэхүүн хэдий ч, цагаан идээний хувьд түүхий эд нь болж өгдөг тул ихэнх нь цагаан өнгөтэй. Өнгөө дагаад сэтгэлд таатай мэдрэмж төрүүлнэ. Сүү их эмзэг тул дээрх бүтээгдэхүүнийг боловсруулахад тун нарийн ур чадвар, бас их хөдөлмөр шаардана. Хийх аргачлал нь цаг уур, орчны нөлөө, угсаатны онцлог зэргээс хамаарч нутаг, нутагт ялгаатай. Монгол хүн бүр цагаан идээг боловсруулдаг гэвэл худлаа. Гэхдээ монголоос өөр хүн бас чадахгүй.

Олон мянган жилийн настай энэ идээ ундаа нь монгол хүний болон Монголын өв соёлын салшгүй нэгэн хэсэг, нүүдэлчин ахуйн амьдралын хэв маяг юм. Цагаан идээний эрүүл мэндийн ач тус, органик шинж чанарыг дэлхийн олон эрдэмтэн тал бүрээс нь судалж, эрдмийн зэрэг цол хамгаалсан нь ч байдаг. Японы 2000 жилийн түүхтэй сумо бөхөд амжилт гаргаж буй монгол залуусын хүч чадлыг айраг (адууны сүүгээр хийдэг) ууж өссөнтэй холбож үзсэн удаа ч бий. Харин миний хувьд сүү ууж, цагаан идээ идэж өссөн хүн эрүүл чийрэг, ухаан саруул, сэтгэл зөөлөн хүн болдог гэдэгт итгэдэг. Яралзсан цагаан шүдтэй монгол хүнтэй таарвал түүнийг багаасаа ааруул идэж өссөн гэж ойлгоход буруудахгүй ээ.

ХХ зууны эхэн үед монголчуудын хэрэглэдэг нийт хүнсний 55% нь цагаан идээ, 30% орчим нь мах байжээ гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн зууны дунд үеэс Монголд суурин иргэншлийн эх тавигдаж, хотжилт үүссэнтэй холбоотойгоор хотын хүн амын хүнсэнд цагаан идээний хэмжээ багасаж, мах махан бүтээгдэхүүн, химийн элемэнт бүхий органик бус хүнс давамгайлах болов.

Үүний хор уршиг өнөөдөр нэгэнт тодорхой болсон тул монголчууд эргээд цагаан идээгээ эрхэмлэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын аль ч хүнсний дэлгүүр болон захын лангуун дээрээс цагаан идээг хүссэн үедээ авч болно. Мөн Улаанбаатарын ресторан, зоогийн газар, зочид буудал, guest house худалдаа үйлчилгээний аль ч газраас цагаан идээгээр үйлчилдэг эсэхийг асуухад илүүдэхгүй. Та Монголд ирж, монголчууд яагаад цагаан идээгээ эрхэмлэдэг болохыг, яагаад цагаан идээнийхээ дээжийг нар сар, од гариг, уул хангай, эх дэлхийдээ өргөдөг болохыг, монголчууд яагаад ийм цагаан цайлган сэтгэлтэй болж өсдөгийг, үгүй ядаж цагаан идээ яагаад цагаан өнгөтэй болохыг ойлгох болно. Магадгүй биеэрээ мэдрэх болно.