Монголын уламжлалт уран дарх

3 мин унших · May 19, 2022

Art
Монголын уламжлалт уран дарх

Улс үндэстэн бүрт өөр өөрийн ур ухаан шингээсэн гоёл чимэглэл бий. Европ зүгийнхэн тухайлан Франц, Англи зэрэг улсад үнэт чулууг засаж янзлан түүндээ тохирсон хүрээ чимэг хийх маягаар алт мөнгийг ашиглах нь элбэг. Харин монголчуудын тухайд алт мөнгөн эдлэлд илүү сонирхолтой байсан нь алт мөнгөний дарх хөгжих хөрс суурь болсон байдаг.

Үнэт чулууны хувьд монголчууд ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлтэйгээ холбоотойгоор шүр, сувд, оюу, номинг гоёл чимэглэлдээ түлхүү хэрэглэж иржээ. Занабазарын гайхамшигт бурхад нь урлагийн хосгүй бүтээл болж нэгэн дэгийг Буддын шашны бурхан бүтээгчдийн дунд бий болгосон бол ахуйн хэрэглээний гоёл чимэглэлийг урладаг монгол дархны хэд хэдэн дэг сургууль бий болж үе уламжлагдан хөгжсөөр байгаа билээ.

Монгол эрчүүдийн гол гоёл нь хэт хутга, аяга, гаанс, хөөрөг бөгөөд дархчууд ч тэдэнд тохирсон хээнцэр эдлэл урлаж өгөхийн тулд ур ухаанаа дайчилдаг байжээ. Харин монгол эмэгтэйчүүдийн гол гоёл нь толгойн боолт бөгөөд цэвэр мөнгөөр оюу, шүр шигтгээтэй толгойн боолтуудыг урлан бүтээж ирсэн байдаг.

Морио дээдэлдэг Монголчууд эмээл, хазаар зэрэгтээ гойд анхаардаг байсан бөгөөд уран дархчууд нь ч энэ чимэглэлийн дээд зэргийн мастерууд байж урлагийн нэгэн төрөл болтол нь хөгжүүлсэн байдаг. Монгол оронд уран дархны хэд хэдэн дэг сургууль бий.

Нэрлэвэл Батноров, Дарьганга, Сэврэй ноён, Боржигон, Далайчойнхор, Буриад, Хүрээ, Дүүрэгч вангийн гэхчилэн ур хийцээрээ ялгагдана. Эдгээрээс Батноров, Сэврэй Ноён, Дарьганга, Далайчойнхор хийц онцгой алдартай болсон билээ. Алдартай болсны нууц нь өөр өөрийн гэсэн өвөрмөц арга техникээрээ ялгагддаг байсанд оршино.

ХИЙЦҮҮДИЙН ОНЦЛОГ БА ТҮҮХ.

ДАЛАЙЧОЙНХОР ХИЙЦ: Далайчойнхор вангийн гэж алдаршсан урчуудын бүтээл Далайчойнхор ван Цэдэнсономтой яах аргагүй холбогдоно. Алтан ургийн удамт ван Боржигон Цэдэнсоном бичиг үсгийн үлэмж соёлтой хүн байсны дээр чамин эд эдлэлд дуртай хүн байжээ. Хошуу нь ч Халхын том хошууны нэг төдийгүй чинээлэг хошуу байв. Цэдэнсоном ван хавийн дархчуулыг цуглуулж, алт мөнгөн эдлэл хийлгэж эхэлсэн нь хожим хошууных нь нэрийг алдаршуулж Монгол даяар түгсэн урчуудын бүтээл болсон билээ. Далайчойнхор хийцийн онцлог гэхээр зүйл байдаггүй ч ур сайтай, бусад хийцүүдийн онцлогийг өөртөө хадгалсан шинж чанараараа ялгарч байдаг юм.

СЭВРЭЙ НОЁН ХИЙЦ: Өмнөговь аймгийн Сэврэй, Ноён сумд эртнээсээ зураач, урчууд дархчуулаараа алдартай байсан нь энэ төрлийн алт мөнгөн эдлэл алдарших үндэс болсон билээ. Монгол даяар алдартай зураач Маньбадарыг бид сайн мэддэгчлэн Сэврэй Ноён хийцийг Пагмын Мөнх, Чулууны Балжир нарын дархчуул алдаршуулж хойч үедээ өвлүүлсэн түүхтэй.

Монгол улсын хэмжээнд Дарьганга болон Сэврэй Ноён хийцийн мөнгөн аяганууд алдартай. Дарьганга аяга нь хөөмөл хээтэй, бага орцтойгоороо онцлог бол Сэврэй Ноён хийц мөнгөө утаслан цувиж хийдэг мөн мөнгөний орц арвин байдгаараа онцлогтой. Ноён Сэврэй хийцийн их гарын аяганд 32-35 лан, Дунд гарын аяганд 17-20 лан, Бага гарын аяганд 8-10 лан мөнгө орно. (1лан – 37,301гр)

БАТНОРОВ ХИЙЦ: Тожил дархан өдгөө Монголд нэгэнт алдаршсан дархан юм. Жинхэнэ нэр нь Ишжамц боловч Тожил дархан хэмээн алдаршсан билээ. Тожил дархан Батноров хийцийг бий болгосон гавъяатай. “Багаж зэвсгээ хийж чаддаггүй хүнийг ямар дархан гэх вэ дээ” гэсэн хэлц үг ч байдаг. Ер нь Монгол дархчууд дарх хийх багаж зэвсгээ өөрсдөө хийж хэрэглэдэг байжээ.

Батноров хийц юугаараа алдартай вэ гэвэл цутгаж хийдгээрээ алдаршсан юм. Тожил дархан бараг хүүхэд байхдаа Тунсаг дарханд шавь орж цутгуурын аргыг сураад, өөрийн хэвтэй болж баймааж нь сайн дархан болох юм байна гэдгийг ухаарч өөрийн нутгаас хэв хийх шаврыг өөрөө нээн илрүүлж ашигласныг өнөөгийн дархчуул ч тэр жишгээр яваа билээ. Ингээд Батноров хийцийн эмээлийн баавар, хормойн боолт, гаансны сэтгүүр, соёо, тээг зэрэг мөнгөн цутгамлууд Монгол даяар алдаршсан бөлгөө.

ДАРЬГАНГА ХИЙЦ: Дарьганга хийц нь яахын аргагүй нутгийн бүсгүйчүүдийн гоёл уламжлалаас үүдэлтэйгээр шүр голдуу шигтгэж, алт мөнгөн утсаар сүлжиж хийдэг онцлогтой. Бүсгүйчүүдийн хээнцэр толгойн боолт үсний даруулгуудын чамин тансаг хийц эндээс гаралтай. Монгол дархны бүх л аргыг хослуулан хэрэглэдгээрээ Дарьганга хийц алдаршсан билээ.

Д.Энхболд