Өвлийн загасчлал

3 мин унших · May 20, 2022

Trip advice
Өвлийн загасчлал

Монголд загасчлах нь юугаараа өвөрмөц, онцлог вэ. Юуны өмнө гол мөрнүүд нуур усны цэвэр тунгалаг байдал нь загасчдын сонирхлыг их татдаг бөгөөд ус нь нэгэнт цэвэрхэн химийн болон бусад ямар нэгэн нөлөөнд автаагүй тул загасчлахад илүү сонирхолтой гэж загасчид ярьдаг.

Мөсний загасчлал нь дулаан цагийн загасчлалаас өөр бөгөөд багагүй тэсвэр хатуужлыг загасчдаас шаарддаг. Ангуучлал нь ч өөр билээ. Метрээс илүү зузаан мөс өрөмдөж, 30-40 см-ийн л урттай уурга хэрэглэдэг учир урин цагийн загасчлалаас тэс өөр нөхцөлтэй. Ийм богино уургаар том загас барих нь ихээхэн туршлага шаардах тул тэр бүр загасчин хүссэн загасаа барьж чаддаггүй нь дутагдалтай.

Гэхдээ мөсний цооногоос метр гаруй урттай цурхай барьсан туршлагатай загасчид Монголд цөөвтөр боловч бий. Мөсний загасчлалд ямар төрлийн загас дэгээ үмхэж байгааг мэддэг байх нь юу юунаас илүү тустай гэж хашир загасчид зөвлөдөг. Тул загас шууд л дээшээ цовхчиж цойлдог бол бусад загас доош чангаадаг.

Монголын 4000 гаруй гол, 30 гаруй томоохон нуур загасчлалын гол бүс нутаг болно. Өвлийн цагт ялангуяа баруун зүгийн нутгаар эрс хүйтэрдэг тул загасчлал ч хязгаарлагдмал орчинтой болно. Ер нь Монгол орны гол мөрд, нууруудыг 3 төрлийн ай савд хуваадаг.

1. Хойт мөсөн далайн ай сав: Эг үүр, Сэлэнгэ, Орхон түүний цутгалууд ордог.

2. Номхон далайн ай сав: Хэрлэн Оно, Улз, Халх гол буйр нуур.

3. Төв азийн ай сав: Үүнд гадагшаа урсгалгүй Ховд, Завхан зэрэг голууд Хяргас, Хар ус, Хар, Даян, Толбо зэрэг агнуурын ач холбогдол бүхий загастай нуурууд багтдаг.

Энэ 3 ай савд 11 овог, 36 төрөл, 76 зүйл загас байдаг нь судлагдсан юм. Монгол оронд загасчлал 20-р зууны дунд үеэс эрчимжсэн бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөсний буюу Өвлийн загасчлал хөгжиж байна. Үүний тодхон жишээ нь 2013 онд АНУ-ын Висконсин мужийн Восо хотод болсон Мөсний загасчлалын дэлхийн аваргын тэмцээнд манай залуус анх удаа оролцсон явдал юм.

Монгол орны мөсний загасчлалын хувьд төвийн бүсэд Туул, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн зэрэг голууд Өгий болон Хагийн хар, Тэрхийн цагаан нуурт загасчилдаг. Төвийн бүс нь Улаанбаатараас хол биш, мөн ч ойр орчимдоо суурин газар элбэг тул загасчлахад таатайд орно. Загасны төрлийн хувьд Тул /Hucho Taimen/, Зэвэг /Branchymystax Lenok/, Шивэр хадран /Thymallus arcticus/, Цурхай / Esox Lucius/, Алгана /Perca fluviatilus/, Цулбуурт / Silurus asotus/ элбэг тохиолддог. Ялангуяа Хагийн хар нуур алгана загасаар баялаг.

Зайны хувьд Улаанбаатараас янз бүрийн зайтай. Хагийн хар нуур 180км бол Өгий нуур 370км, харин Тэрхийн цагаан нуур Улаанбаатараас 500км орчим зайтай. Мөсний загасчид гэхдээ хол ойроос төдийлөн шалтгаалахгүй аялдаг бөгөөд Онон, Улз, Халх гол Буйр нуур, Хөх нуурт ч очиж загасчлах нь байдаг. Энэ аялал 600-1000км болно.

Монгол орны баруун хэсэгт Толбо, Даян, Хар ус, Хяргас, Увс зэрэг агнуурын зориулалттай ашиглагддаг баялаг загастай том том нууруудын орон бөгөөд өвлийн улиралд аялахад бартаа саад ихтэй, цаг агаарын хувьд хүйтэн боловч мөсний загасчид зорин очдог. Аяллын маршрут дунджаар 1000-1600км болно.

Сүүлийн жилүүдэд зам харилцаа сайжирснаар Хөвсгөл нутгийг зорин очиж загасчилдаг мөсний загасчлал хөгжиж, тэмцээн уралдаан зохиогддог, төдийгүй аялал жуулчлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болоод байгаа юм. Ялангуяа Дархадын хотгорын олон нууруудад мөсний загасчид зорин очиж Дархадын цагаан загас ангуучилдаг.

Монголын голуудын хамгийн элбэг загастай нь Сэлэнгэ, Шишгэд бол хамгийн том загастай нь Халх гол юм. Голын чоно гэгддэг тул загасыг Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Онон, Хурх голоос барьдаг. Мөн Сэлэнгэ мөрөн, Ерөө голоос Хилэм загас баригддаг ч ховор байдаг байна.

Д.Энхболд