15 мин унших · Aug 09, 2022
Бид хотын амьдралын хэв маягт хайртай. Гэвч заримдаа бид их хотын өндөр шилэн барилга, чимээ шуугианаас хэсэгхэн зуур ч гэсэн холдохыг хүсдэг. Яг одоо адал явдлаар дүүрэн зун цаг болж байна. Тиймээс нэгэнт дасал болсон бүхнээс холдож, шинэлэг мэдрэмжийн эрэлд гаръя. Энэ бол 5 одтой зочид буудал биш, харин 5 тэрбум оддын доорх гэр буюу монгол сууц.
Монгол гэр барих, буулгах нь өөрийн гэсэн дэг жаягтай
Байгальтай ойр энэ сууц анх үүссэн цагаас хойш дор хаяж 3000 жил болж байна гэж судлаачид үздэг. Төв Азийн нүүдэлчид олон зууны турш үе удмаараа гэрт аж төрж ирсэн билээ. Одоогийн хэрэглэж буй гэр XIII зууны үеийн эсгий гэрийн бүтэц, загвартай бараг адилхан. Өөрөөр хэлбэл тэр үеэс хойш монгол гэрт томоохон өөрчлөлт ороогүй гэсэн үг.
Монгол гэрийн дотор талаасаа харагдах байдал
Барьж буулгахад амар болохоор гэрийг богино хугацаанд ямар ч тээврийн хэрэгсэл дээр ачаад л нүүчихнэ. 3-4 хүн хамжилцаад 2 цаг орчмын дотор л нэг гэрийг босгочихно. Гэрийн дугуй хэлбэр нь монгол орны эрс тэс уур амьсгалд зохицно. Эсгийн нь дулаан сайн хадгалдаг, агаарын тогтолцоо сайтай учир аль ч улиралд тохирдог. Салхинд тогтвортой учраас газар хөдлөлт, шуурга, байгалийн бусад гамшигт үзэгдэлд тэсвэртэй. Гэрийн тооноор тусах нарны гэрлээр хүмүүс цагаа баримжаалан, өдөр тутмын ажлаа зохицуулж ирсэн.
Бүрээсэнд өрх, дээвэр, туурга, цаваг зэрэг багтана. Гэрийн том, жижгийг ханаар хэмждэг бөгөөд 4,5,8,10 ханат гэрүүд байдаг. Хана 2 захаараа нийлж, салдаг болохоор хэдэн ч хана нэмж, хасаж болно. Гэхдээ хана уньтайгаа холбогддог учраас унины тоо, тооныхоо хэмжээг ханатайгаа тааруулна.
XIX зууны эцэст дэлхийн олон улс оронд зуу гаруй үндэстэн, угсаатан гэр хэрэглэж байжээ. Оросын зарим Халимаг, Тува, Татар, Дундад Азийн Казах, Туркмен, Узбек, Тажик, Киргиз, Турк, Хазаар (Афганистан) зэрэг үндэстэн одоо ч гэсэн гэрт суудаг.
Монгол гэрийн эд анги бүр нь монголчуудын соёл, уламжлалыг харуулна. Гэрийн хаалгаар орохоос эхлээд утга учиртай. Гэрийн хоймор хэсэг бол хүндэтгэлийн хэсэг бөгөөд үүнд бурхан шүтээн авдар болон өндөр дээр байрлана. Хэдийгээр монголчууд зочноо ихэд хүндэлдэг ч гэрийн эзний урилгагүйгээр хойморт суух нь зохисгүй юм. Багана гэрийн тулгуур учраас түүнийг барьж эсвэл түшиж зогсохыг хориглодог. Хэзээ нэгэн өдөр та монгол гэрт зочилбол эдгээр ёс жаягийг битгий мартаарай.
Гэрийг эрэгтэйн тал, эмэгтэйн тал гэж хуваадаг. Зүүн урд хэсэгт гал тогооны хэрэгсэл, усны сав, баруун талд нь эмээл хазаар, чөдөр ногт зэрэг өөр өөрийн гэсэн үндсэн байрлалтай байдаг. Хэдийгээр гэрт өрөө тасалгаа байхгүй боловч дотоод зохион байгуулалт маш сайтай, зөв хуваарьтай байдаг.
Цаг үеийн хэрэгцээгээ дагаад гэр ч гэсэн өөрчлөгдөж байна. Гэхдээ бүхэлдээ биш, хялбар хэрэглээ тал руугаа өөрчлөгдөж байна. Гэрийн уламжлалыг хадгалсан, авч явахад эвтэйхэн, суудлын тэрэгний тээшинд хийх боломжтой “эвхдэг” гэрийг Д.Батсуурь зохион бүтээсэн. Гэрийг ердөө 2 цүнхэнд багтаагаад аялалд авч явж болно. Гэрийн бүх хэсгийг салгахад 50 кг ачаа болох ба гэрийн үндсэн хэмжээг 4-5 дахин багасгаж, илүү авсаархан болгожээ. Ийм гэрийг аялагчид хөдөө явахдаа майхны оронд хэрэглэхэд тохиромжтой. Дотор нь гал түлэх, хоол хийх, жижиг оврын тавилга байрлуулж болдгоороо майхнаас давуу талтай. Бас илүү тав тухтай, 10 хүн хангалттай багтана.
Хотжилт газар авах тусам хүн төрөлхтөн байгальтайгаа илүү ойр амьдрахыг эрмэлзэх болсон билээ. Тэр үүднээс гадныхан монгол гэрийг ихэд сонирхдог. Америкийн “Pacific Yurts Inc” компани монгол гэрийг брэнд бүтээгдэхүүн болгож, загварыг нь өөрчлөн сайжруулан тохилог сууц болгосон байдаг. Хэдийгээр орчин үеийн барилгууд олноор баригдаж байгаа ч, монгол гэрийн орон зай алдагдахгүй. Харин хөгжлөө даган хүний хэрэглээнд илүү дөхөм болон өөрчлөгдөөд явна. Хаа газрын соёлыг илүү ойлгохын тулд ард түмнийх нь өдөр тутмын энгийн амьдралтай танилцахыг зөвлөдөг. Тиймээс та энэ зун дэлхийн хамгийн олон гэртэй хот Улаанбаатарыг зорин ирээрэй. Тэнд та амар амгаланг мэдрэх болно.
“Та Монгол гэрт хоноглосны дараа, манай дэлхийн хүмүүс яагаад ихэвчлэн дөрвөлжин сууцанд амьдардаг юм бол гэж гайхах болно. Гэрийн босгоор анх давахад хойморт залсан шүтээнийхээ зүүн талд ирж суухыг урьсан нь намайг үнэхээр гайхшруулж билээ. Энэхүү дугуй сууц цаанаасаа л ариун дагшин, байгалийг мэдрүүлээд зогсохгүй бүх мэдрэхүйг минь дүүргэж, ундалж байлаа.
Сэтгэлийг минь тайвшруулах эсгийний дулаан үнэр, тогоон дээр пор пор буцлах цайны чимээ болон тооноор тусаж буй нарны хэсэгхэн гэрэл бүгд л гэрийн тав тухтай, дулаан сайхан мэдрэмжээр өөрийг эрхгүй сэтгэлийг минь бялхуулна. Газар доорх сэрүүн зоориноос эхлээд харахад жижигхэн мөртлөө гэрийн эзэгтэйн хэрэгтэй бүхний агуулдаг эргэнэг, сүсэг бишрэлийн олон утгыг агуулах адууны дэл, сүүлэн сүлжмэл гээд л гэрийн нарийн эд анги бүрийн талаар ам уралдан, ядрахыг мэдэхгүй хуучилж чадна.
Бид гэртээ, Их Британид авч ирсэн Монголын энэхүү гайхамшигт сууцыг хүүхдүүддээ хичээл заах танхим, байгальд бясалгал хийх өргөө, зовж зүдэрсэн хүмүүсийг хамгаалах байр болгон ашигласаар байна. Гэрт амьдрах азтай тохиол заяасан надад ертөнцийн эв зохицлыг мэдрэх, тэрхүү тааламжтай дулаан байдлыг үгээр илэрхийлэхэд үгийн баялаг арай л хүрэхгүй мэт."
Карина Морeтон
Аялагч, Антропологич