3 мин унших · May 19, 2022
Өвөл, хаврын улиралд Улаанбаатарын бараг айл бүрийн хөргөгчинд заавал байдаг зүйл бол аньс, аньсны навч, чацаргана. Үүн дээр аарц нэмэгдэнэ. Эд бол ханиад томуутай тэмцэх хамгийн гол зэвсэг бөгөөд монголчуудын эмийн ургамлын энгийн хэрэглээний тодхон жишээ болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг түргэн авахуулсан томууны халдварын онц аюултай тархалт болсон жилүүдийг монголчууд эдгээр хүчирхэг “зэвсгээр” өвч зэвсэглэсний хүчээр даван гарч байсан. Бүр засгаас төсөв гаргаад аньс, чацарганы сироп зэрэг бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, нийгмийн халамж шаардлагатай бүлгийхэнд тараан өгч байсан нь ердөө хэдхэн жилийн өмнөх түүх юм.
Аньс, чацаргана бол хүйтэн сэрүүн бүсийн хамгийн ашиг тустай жимснүүд билээ. -40С хэмийн хүйтэнд ч эдгээр жимс өнгө, чанараа алддаггүй. Тиймээс хүн гэлтгүй араатан жигүүртэнд ч амин дэм болдог. Аньсыг сэрүүн бүсийн олон оронд хэрэглэж, зарим газар хоолны орц жоронд ч ордог. Харин чацарганыг жимсний хаан гэдэг. Энэ жимсний ач холбогдлыг тоочивч барахгүй. Сүүлийн үеийн судалгаагаар хорт хавдрын эмчилгээнд онцгой ач холбогдолтой болохыг тогтоож, эмчилгээний хавсарга болгон хэрэглэж эхэлсэн.
Эмийн ургамлын энгийн хэрэглээ нь нохойн хошуу, таван салаа, мэхээр, гишүүнэ, цагаан мөөг гээд хөвөрч өгнө. Наад зах нь хүүхдүүд тоглож яваад гар хөлөө шалбалчихвал өөрсдөө мэдээд таван салааны навч тавьчихдаг. Шарх ч хурдан эдгэнэ. Монголчууд дэлхийн бусад үндэстний адил эмийн ургамлыг хэрэглэх өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бий болгосон. Тэрхүү соёл өтгөс буурлаас үр хойчид уламжлан дамжиж ирсэн. Ардын дунд “жор мэдэхгүй отчоос зовлон үзсэн чавганц дээр” гэсэн үг бий.
Жирийн малчин наад зах нь 70-100 цаашлаад 200-300 төрлийн ургамлыг ялган нэрлэдэг. Эмийн ургамлыг ямар үед нь хэрхэн хурааж хадгалах, ямар өвчинд хэрхэн хэрэглэхийг мэддэг. Гэвч орчин цагийн ангаах ухааны бэлэнчлэх хэрэглээнээс үүдэн энэ ухаан бүдгэрсэн тул эрдэмтэд судлан шинжилж өв уламжлалыг нь хадгалах ажлыг олон жилийн турш хийж байна.
Байгалийн элдэв үзэгдэл, цаг улирлын үед ан амьтад төрөлх зөн совингоороо ямар ургамлыг хүртэж байгааг ажиглах боломж ихтэй нүүдэлч ахуй нь монголчуудын анагаах ухааны мэдлэг бүрэлдэж, хөгжихөд таатай нөхцөл болсон нь дамжиггүй. Энэ нь эмийн ургамлаар хүнээс гадна мал амьтныг анагаах ухаан ихэд хөгжсөнөөс харагддаг юм. Малын өвчнөөс шалтгаалан өөр өөр төрлийн өвс ургамал шатаан, утааг нь үнэрлүүлж эмчилдэг аргыг нэгэн сонирхолтой жишээ болгон дурдаж болно.
Эмчилгээний арга он цагийн уртад бүхэл бүтэн тогтолцоо болон хөгжсөнийг өнөө цагт “Монголын уламжлалт анагаах ухаан” хэмээн нэрлэж байна. Үүний нэг салбар нь эм тан боловсруулах, эмчлэх ухаан юм. Эртнээс өнөөг хүртэл бичигдсэн арвин их ном судар нь Монголын анагаах ухааны урт түүхийн гэрч болно. Уламжлалт анагаах ухаанд эм танг дан ганц ургамлаар хийдэггүй. Харин ч тухайн өвчинд тохирсон нэлээд олон төрлийн ургамлын зохист жороор найруулсан эмийг хэрэглэдэг юм. Мөн эрдэс бодис, амьтны гаралтай түүхий эдээр хийдэг эмүүд их.
Уламжлалт анагаах ухаанд 108 төрлийн өвчин байна хэмээн ерөнхийлөн ангилдаг. Эдгээрийн нэлээд хэсэг нь сэтгэл засал болон хөдөлгөөн, амьдралын хэвшлийг өөрчлөхөд эдгэнэ. Нөгөө хэсэг нь эм ууж, эмчилгээ хийлгэсний дүнд эдгэнэ гэж үздэг. Өвчнийг халуун хүйтэн чанар ба таван мах бодийн харгалзлаар ангилахын зэрэгцээ эм ба эмийн орц найрлагыг ч ангилан үздэг юм.
Жишээлэхэд, хаврын яргуй бол халуун чанартай эмийн ургамалд орно. Түүнийг “бадгана” төрлийн халуун чанарын өвчтэй хүн идвэл харш нөлөө үзүүлнэ. Тиймээс хэрэглэх эсэх ба хэрхэн ямар эм тантай цуг хэрэглэхийг оточ маарамбууд шийднэ. Эм танг хэрэглэхдээ эмчилгээний дэг буюу“гам” баримталж, эмчийн шийдвэрээр зүү, төөнүүр зэрэг бусад эмчилгээг хавсруулан хийдэг юм.
Монгол оронд алтан гагнуур, ван сэмбэрүү зэрэг хэн бүхний мэддэг, алдартай эмийн ургамлууд байхаас гадна зөвхөн эмч домч нарын мэддэг маш олон төрлийн эмийн ургамал ургадаг юм. Өндөр уул, ой тайга, хээр тал, говь гээд байгалийн өөр өөр тогтоц бүхий өргөн уудам нутагтай учир эмийн ургамлын маш баялаг нөөцтэй. Тэдгээрийг зөв зохистой хэрэглэх, хайрлан хамгаалах ухаан нь ардын ёс заншилд шингэсэн байдаг юм.
Г.Батнасан