Улаанбаатар , Сүхбаатар
БОАЖЯ-наас санаачлан "Naadam Night Show" цэнгүүнийг Монгол Улсыг зорин ирэх жуулчдад зориулан 2023 оны долоодугаар сарын 11-ны өдөр 17:00-24:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын билетийн хүрэлцээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас хамаарч хангалтгүй байдаг бөгөөд наадмын нээлт үзэж чадахгүй олон мянган жуулчин нутаг буцдаг. Иймд үзэж чадахгүй байгаа жуулчдад зориулан наадмын нээлтийн үйл ажиллагааг орчин цагийн энтертаймент хэлбэрээр толилуулах гэж буй юм. Мөн энэхүү шөнийн цэнгүүн нь хамтдаа эх дэлхийгээ авран хайрлах сэтгэлийг олон нийтэд уриалж буйгаараа онцлог юм.
Цэнгүүний тасалбар нь модны тарьц суулгац бүхий ЭКО тасалбар байх бөгөөд гадаад, дотоодын жуулчдад Монгол үндэстний уламжлалт зоог, хувцас, уран зураг, уран дархны гоёлын шоу үзүүлбэрүүд, нутаг нутгийн цайны амтыг таниулж, уламжлалт анагаах ухааныг сурталчилж, бэсрэг наадам зохион байгуулна. Түүнчлэн Үндэсний урлагийн гайхамшгийг харуулсан хөгжим, дуу, бүжиг, хамтлаг дуучид, хөгжимчид үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлэх юм.
Дашрамд дурьдахад 2019 онд анх удаа зохиогдож байсан тус үйл ажиллагаанд 3000 гаруй гадаадын жуулчин оролцож байжээ.