Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь хэдийнээ цөлжиж эхэлсэн гэж үздэг. Хэрвээ цөлжилт энэ хэвээрээ эрчимтэй явагдвал 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгуудаас бусад Монгол орны газар нутаг бүрэн цөлжинө гэсэн судалгаа бий. Харин үүнтэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг бол яах аргагүй мод тарих юм. Ой моджуулснаар хөрсний элэгдэл багасаж, цөлийг тэлэхээс сэргийлэх боломжтой. Тиймээс Монгол улсын цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилготой “Ногоон хэрэм” төслийг БОАЖЯ болон БНСУ-ын Ойн агентлаг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
2007-2016 оныг хүртэл үргэлжилсэн төслийн эхний үе шатанд Төв аймгийн Лүн сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзагт нийт 45га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046га талбайг ойжуулсан юм.
Харин төслийн хоёр дахь шат Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дамбадаржаад хэрэгжиж байна. Энд нийт 40га талбайд 90 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж, “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулж байгуулж байгаа юм. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд хотын иргэдэд зориулсан “Хотын ой”-г бий болгож байгаагаараа онцлог. Энэ цэцэрлэгт хүрээлэнг БНСУ-ын Ойн агентлагийн 3 тэрбум воны буцалтгүй тусламжаар байгуулж байна. Цэцэрлэгт хүрээлэн энэ ондоо багтаж ашиглалтад орох юм. Ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, агаар салхинд гарах газар нэгээр нэмэгдэхийн зэрэгцээ мод тарьж ургуулахтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг эндээс авч болно.
Монгол, Солонгос хоёр улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон энэ газарт ирснээр та нэг дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн бид хамтран нэгдэж чадваас юунд хүрч болохыг нүдээрээ үзэж, бахархан баясах сэтгэл эрхгүй төрөх биз ээ.